Шишхид гол

Хөвсгөлийн уулархаг нутгийн гүнд орших Шишхид гол Улаантайгын нурууны өвөр дэх морены гаралтай хэд хэдэн жижиг нуураас эх авч урсах бөгөөд түүний урт 298 километр, ус хураах талбай 18300 хавтгай дөрвөлжин километр болно. Шишхид голын усны хагалбар шугам Улаантайга, Хорьдал-Сарьдаг, Баян, Соёны нурууны ян сарьдаг торгон оройг дайран гарна. Эдгээр уулсын ам бүрээс олон арван гол горхи урсаж Дархадын хотгорын хамгийн том Доод нуурыг дамжиж улмаар Шишхид голыг усжуулна.

Түүнд цутгах голуудаас нилээд услаг томоохон нь Арсай (126 км,) Хотон (65 км),Шарга (110 км), Хо горого (46 км), Тэнгис (80 км), Хөөгийн голууд болно. Шишхид гол эхний хэсэгтээ урсгал хурдтай (2 м/сек), уналт ихтэй бол Дархадын хотгорт оронгуутаа маш их тойрон тахирлаж урсгалын хурд нь саарна. Тэнгисийн голын билчирээс цааш голын хөндий тун давчуу болж нэг гульдиралаар урсахын зэрэгцээ усны гүн, урсгалын хурд нэмэгдэнэ. Голын үндсэн тэжээл хур бороо учраас зун намрын саруудад ихээхэн үерлэнэ. Борооны үерийн үед түвшин түргэн дээшлэхийн хамт усны булингар нэг литрт 750 мг хүртэл нэмэгддэг байна. Усны зарцуулга 8 дугаар сард 1 удаагийн хэмжилтээр 67,3 м3\сек байжээ. Гол 10 дугаар сард хөлдөж 5 дугаар сарын эхээр бүрэн цэлмэнэ. Цутгал жижиг голууд нэгэн адил хөлдөх учраас уулсын ам хөндийд асар их халиа тошин үүсч хавар алгуур гэснэ. Ийм байдлаас шалтгаалж хаврын шар усны үер эрч багатай, харин үргэлжлэх хугацаа нилээд урт байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • Twitter
  • RSS
Read Comments

0 Response to "Шишхид гол"

Post a Comment